Австрали дахь монголчууд сагсан бөмбөгийн аваргаа тодрууллаа

Австрали дахь монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Австрали дахь Монголчуудын холбоо болон сагсан бөмбөгийн “Nomads League” хамтран энэ сарын 8-ныд Сидней хотод зохион байгуулажээ.  Тэмцээнийг  Монголчуудын холбооны тэргүүн Ю.Амартүвшин нээж, “Sydney Dance Crew” хамтлаг өөрсдийн бүжгийн үзүүлбэрийг сонирхуулсан аж. Тэмцээнд эрэгтэй найм, эмэгтэй дөрвөн багийн 110 гаруй тамирчин оролцсоноос  эрэгтэйчүүдийн төрөлд “Бүргэдүүд” баг тэргүүн байр эзэлж, “Чонос”, “TMG” багууд удаахь байрт тус тус шалгарав. Эмэгтэйчүүдийн төрөлд  “Red Bulls” баг алтан медаль хүртсэн бол мөнгөн медалийг “Black Eagles“ баг хүртэж,  Канберра хотоос ирж оролцсон “Canberra Girls” баг хүрэл медаль хүртэв. Тэмцээний эрэгтэй шилдэг тамирчнаар “Бүргэдүүд” багийн О.Мөнхтулга шалгарсан бол эмэгтэйчүүдийн шилдэг тамирчнаар “Red Bulls” багийн тамирчин О.Энхтайван нар тус тус шалгарсан байна.
                                                                                                                                                                                    Б.ТУУЛ