Мария Шарапова “Их дуулга”-ын тав дахь цомоо гардлаа

Талбайн теннисний Их дуулга”-ын дөрвөн цувралын энэ оны хоёр дахь Францын нээлттэй тэмцээн Францын нийслэл Парист өчигдөр өндөрлөлөө. Нийт 23.9 сая еврогийн шагналын сантай 113 дахь удаагийн “Ролан Гаррос”-ын эмэгтэйчүүдийн шигшээ тэмцээн өнгөрсөн бямба гаригт болж, ОХУ-ын Мария Шарапова, Румыний Симон Халеп нар тунан үлдсэн юм. Энэ жилийн Францын нээлттэй тэмцээний бүсгүйчүүдийн өрсөлдөөн сенсаацаар дүүрэн болж, олон шилдгүүд доогуур даваанд бүдэрсэн. Тухайлбал, дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэтэй, энэ жилийн Австралийн нээлттэй тэмцээний аварга, БНХАУ-ын Ли На, Данийн Каролина Возняцки, Италийн Роберто Винчи, ОХУ-ын Мария Кириленко, хоёрын даваанд дэлхийн тэргүүн теннисчин АНУ-ын Серена Уильямс, түүний эгч Венус Уильямс, гуравдугаар тойрогт Польшийн Агнешка Радванска, Чехийн Петра Квитова, Сербийн Ана Иванович нар чансаа багатай өрсөлдөгчөө бараагүй юм.

ОХУ-ын шилдэг теннисчин Мария Шарапова буурь зааж, шигшээд үлдсэн бол энэ жилийн Австралийн нээлттэй тэмцээнд шөвгийн наймд шалгарснаас өөр “Их дуулга”-д өндөр амжилт үзүүлээгүй Халеп 2014 онд тун тогтвортой тоглож буй. Тиймээс чансаагаа дөрөвдүгээр байр хүртэл ахиулсан юм. Өдгөө 21 настай румын бүсгүй Парисын кортод томчуудын бүдрэлтийг овжин ашиглаж, зовлон багатай финалд шалгарсан. Шигшээ тоглолтын эхний үед орос бүсгүй 6:4-өөр давамгайлжээ. Харин хоёр дахь сет тун сонирхолтой өрнөн тай брект хүрч, Халеп 7:6-гаар илүүрхсэн юм. Шийдвэрлэх гуравдугаар үед Шарапова өрсөлдөгчөө 6:4-өөр буулган авснаар “Ролан Гаррос”-ын хоёр, “Их дуулга”-ын тав дахь цомоо гардав. (Шарапова өмнө нь 2004 онд “Уимблдон”-д, 2006 онд Америкийн нээлттэй тэмцээн, 2008 онд Австралийн нээлттэй тэмцээн, 2012 онд “Ролан Гаррос”-ын аварга болж байв.) Өчигдөр Францын нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан, хос, эмэгтэйчүүдийн хосын төрлийн аваргууд тодорсон юм.

 


Б.БАТ