
Урд хөршийн Бээжин хотод “3 эсрэг 3᠌᠌”-н сурагчдын дэлхийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 21-26-нд болж байгаа. Энэ тэмцээнд анх удаа манай улсаас Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид өрсөлдөж байгаа юм. Харин эрэгтэй багийн хувьд тэмцээний С хэсэгт багтаж, эхний тоглолтоо 2007, 2011 оны сурагчдын дэлхийн дэд аварга Францын шигшээ багтай хийж, нэмэлт цаг сунгасны эцэст 11:10-аар хожсон. Хоёр дахь тоглолтдоо Ази тивийн аварга Ираний шигшээ багийг 13:7 харьцаатай хожжээ. Тэмцээн гадаа талбайд болж буй. Улмаар манай эрэгтэй баг хэсгийн сүүлийн тоглолтоо Унгарын багтай хийж 12:13 харьцаатай ялагдал хүлээжээ. Гэвч энэхүү хожигдол нь манай багийн хэсгийн чансаанд нөлөөлсөнгүй. Хэсгээсээ нэгдүгээр байраар хасагдах шатанд шалгарч түүхэн амжилт үзүүллээ.
Дөрөв дэх тоглолтод B хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан Болгарын багтай таарсан бөгөөд тэднийг хожвол медалийн төлөө тоглох боломжтой байсан юм. Харамсалтай нь Унгарын багийн эсрэг хийсэн тоглолтод манай төвийн тоглогч Авирмэд шагайгаа бэртээсэн нь нөлөөлж, Болгарын эсрэг арга буюу бэртэлтэй тоглосон байна. Гэсэн ч Болгарын багт 21:13 харьцаатай хожигдол хүлээснээр, медалийн төлөө тоглох боломжгүй болж, 5-7-р байрны төлөө өчигдөр тоглолоо.
Харин эмэгтэй шигшээ багийн хувьд тэмцээний С хэсэгт багтаж, эхний тоглолтоо БНХАУ-ын шигшээ багтай хийж 21:13-аар хожигдол хүлээсэн. Харин хэсгийн хоёр дахь тоглолтоо Сингапурын багтай хийж, 12:5 харьцаатай хожсон бол Эстонийн багийг 13:12 харьцаатай хожиж, сурагчдын ДАШТ-ний хэсгийн шатанд хоёр хожил авсан. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо Бельгийн багтай хийж, хоёр минут үлдээд байхад хоёр тоглогчийн алдаа дөрөв болж талбайгаас чөлөөлөгдсөнөөр 21:13 харьцаатай ялагдал хүлээсэн. Улмаар оноо тоолж, эмэгтэй баг маань хэсгээсээ 3-р байраар шалгарсан байна. Ингэснээр медалийн төлөө тоглох боломжгүй болсон юм.