Нялхсын хаврын синдром эрт эхэлжээ

 

Сонгууль дөхөх үеэр идэвхиждэг фронтынхон хэдийнэ ажилдаа оржээ. Жагсаал, цуглаан зохион байгуулах нь байгуулж, хэвлэлийн бага хурал зарлах нь зарлажу, уйлах нь уйлж, хашиграх нь хашгирч эхэлсэн байна.

Үүнтэй зэрэгцээд улстөрчдийн хаврын синдром эхлэх нь ч гарцаагүй. Гэхдээ энэ жилийн хувьд улстөрчид нэлээд төсч байх шиг байна. Одоогоор нам жимхэн л байдлыг харсан аястай сууна. Харин аль ч намд байдаг өөрсдийгөө улстөрч болно гэж бат итгэсэн хэдэн нөхөд эрт “амь орж” эхэлжээ.

Энэхүү синдром МАХН-ын гэх тодотголтой Э.Эрдэнэжамъяангаас эхлэлтэй. Тэрбээр даргыгаа өмгөөлж, намаа улаан цээжээрээ хамгаална гэдгээ мэдэгдэж, нулимс дуслуулсныхаа төлөө намын дэд даргын албан тушаалд очоод заларчихсан. Бусад намд бол тэр нулимс дуслуулах нь бүү хэл, цурхирч уйлаад ч тусыг эс болох байсан. МАХН-ын хувьд торойж, гялтайх хүнгүй учир л түүнийг залсан нь лавтай. Ямартай ч түүний олон түмний өмнө унагасан матрын нулимс ид шидээ үзүүлсэн нь яамай даа.

Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн хэмээн өөрийгөө өргөмжилсөн япон хүмүүжилтэй Т.Хасбаатар гэж нөхөр сонгууль дөхөхөөр л намын даргаа огцрох ёстой гэж хэвлэлийн бага хурал хийдэг уламжлалтай шахуу болчихсон. Энэ удаа ч үүнийгээ заншил ёсоор давтав. Өвөрхангай аймагт нэр дэвшихэ эрх горилоод намынхандаа “жийгддэг” тэрбээр энэ удаа мандат өгөхгүй бол бие даагаад ч хамаагүй нэр дэвшихээр сэтгэл шулуудсан сураг дуулдсан. Өөрийн нэрний товчлолоор нэрлэсэн ХАБА гоо сайхны салондоо улстөрчдийг үйлчлүүлэхийг уриад л УИХ-д нэр дэвших мандат авчихна гэж буруу тооцоолдог байсан тэрбээр хэдэн жилийн өмнөөс алдаагаа ухаарсан гэнэ билээ. Даанч намын даргаа огцрох ёстой гэж бархирахаас өөр олигтойхон шийдэл олж хараагүй нь харамсалтай. Ямартай ч намын даргадаа шүүр, сарнайхан бэлэглээд намынхныхаа харааг булаачихдаг заль нь дэндсэн нөхөрт өөр арга олдохгүй байна гээд бодохоор...

Ардчилсан намд Ц.Жадамбаа гэж бас нэг хөдөлгөөнтэй нөхөр бий. Н.Алтанхуягийг намын дарга байх үеэс нь хуруу, хошуу дэвсэн гүйснийхээ хүчинд томоохон агентлагын даргын зөөлөн суудалд тухалсан тэрбээр намын дарга асандаа ямар их хайртай байснаа сүүлийн үед цахим хуудсаараа дамжуулан зарлах болсон. Намын нарийн бичгийн даргаас агентлагын дарга хүрэхдээ багагүй ажил хийсэн гэгддэг тэрбээр энэ удаагийн сонгуульд санаархаагүй ч ирэх жилүүдийн сонгуульд өөрийгөө сойж байгаа сураг дуулдана билээ.

Ардын намын шинэчлэлийн хорооны тэргүүн гэгддэг Б.Ганухяг “Монголоо аваръя” хөдөлгөөнийг санаачилсан юм байх. Ардын намыг шинэчлэхээр зүтгэж байгаа энэ нөхрийг Ардчилсан намын тагнуул, бууны нохой гэж намынх нь залуус цоллох нь энүүхэнд. Гэхдээ тэрбээр энэ бүхнийг үгүйсгэж, Ардын намын сайн сайхны төлөө өөрийн бие, сэтгэлийг зориулж яваа гэдгээ батлан тунхаглагч. Гэсэн ч “Олны үг ортой” гэдэг дээ. Юмыг яаж мэдэхэв. Ардын намын болж бүтэхгүй байгаа бүхнийг илчилж, гаргаж тавина гэдэг нь намдаа хайртай хүний шинж үү гэдгийг бодох л хэрэгтэй. Харин тэрбээр энэ удаа төрийн өндөрлөгүүдийн анхааралд өртөхийг хүссэн бололтой. Ц.Ганхуяг төр барьж байгаа ах, эгч нараасаа  “Монгол хүнд хэдэн төгрөгийн өр ногдож байгаа вэ, Монголчууд нийтээрээ хэзээ ажилтай болж, ядуурлаас гарах вэ,  Монголчууд хэзээ Монголдоо хүн шиг сайхан амьдрах вэ” хэмээн ам асууж байгаа юм гэсэн. Нялхсын хаврын синдром ч эхэлж байх шиг байна. Тэд удахгүй ар араас нь гэнэтийн бэлэг барих биз ээ.

У.Жанцан.мн

Эх сурвалж: цэнзургүй.мн