10000 тариаланчид хүрзтэй жагсаал хийнэ

Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооноос хэвлэлийн хурал хийлээ. Хуралд холбооны тэргүүн Л.Цандэлэг, УЗ-ийн гишүүн Л.Чинбат, Б.Эрдэнэбат нар оролцож тариаланчдад тулгамдаад буй асуудлуудаар мэдээлэл өгсөн юм.

ХХААЯ-ны сайд Р.Бурмаа ОХУ-аас 2016, 2017 онд хэрэглэх, Монголын хэрэгцээнээс хэтэрсэн импортын зөвшөөрлийг 70 гаруй аж ахуй нэгжид олгосон нь 300 мянга гаруй хүн ажилладаг газар тариалангийн салбарыг бүхэлд нь өвдөг сөхрүүлэх үйл ажиллагаа боллоо хэмээн мэдэгдэв.

Мөн импортоор оруулж ирэх үрийн буудай нь хаврын тариалалтаас өмнө ирж амжихгүй нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд ХХААЯ-наас энэ талаар арга хэмжээ авахгүй байгааг буруутгаж байгаа аж.

Холбооны тэргүүн Л.Цандэлэг “ОХУ-аас өнөөдрийн байдлаар Монгол Улсын бүтэн нэг жилийн хэрэгцээг хангахуйц импортын буудай оруулж ирэх зөвшөөрлийг ХХААЯ-наас олгочихсон. Үүн дээр бидний хураасан хуучин будаа нэмэгдээд Монголын тариаланчид хоёр жил тариа тарих ямар ч шаардлагагүй болчихлоо. Шатахуун байхгүй, үр байхгүй, ажилчдын гар дээр тавих цалин байхгүй бид юугаараа тариа тарих вэ” хэмээв.

"Гацуурт" ХХК-ний захирал Л.Чинбат “Р.Бурмаа сайдын “тусламжтайгаар” ургацаа 80 хувьтай алдсан. УИХ, Засгийн газраас батлагдсан 100 тэрбум төгрөгийн зээлийг тариаланчдад олгох талаар яамнаас ажил хийгээч ээ гэж хэлмээр байна. Энэ бүхнээс үүдээд бид хавар тариа тарьдаг байсан бол зун тариа тарих нь. Энэ технологи мөн үү гэж яамны хүмүүсээс асууя” гэлээ.

Ташрамд дурдахад "Гацуурт" ХХК-ний захирал Л.Чинбат дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатарын талбайд 10000 тариаланчдын хүрзтэй жагсаал хийхээ мэдэгдэж, газар тариалангийн салбарыг гамшиг болгосон Р.Бурмаа сайдыг огцруулахыг шаардах гэнэ.

www.time.mn