Монголчуудын амьдралыг азын шооны нүхээр шийдсээр байх уу

Сугалаа. Энэ үг монголчуудын чихэнд ойр сонсогдоод удаж байна. Төр засгийн удирдлагууд ч үүндээ гаршиж, монголчуудын амьдралыг азын шооны нүхээр шийдэхийг илүүд үзэх болов. Яагаад гэж үү. Тэдэнд үүнээс өөр хийж чадах ажил байхгүй болоод л тэр байх. НӨАТ-ын урамшуулал нэрийн дор сугалаа явуулж байгаа. НӨАТ-ын хууль нь дорвитой хэрэгжиж, хүн бүр бүх үйлчилгээний байгууллагаар НӨАТ-ын баримттай үйлчлүүлж чадахгүй байгаа. Цөөн тооны хүмүүс дунд явагдаж буй энэ сугалаанд 20 саяын, өчигдөр гэхэд 400 саяын урамшууллыг хожжээ. Иргэдийн төлсөн татварын мөнгийг урамшуулал нэрийн дор нэг орой 400 саяар нь хийсгэчихэж байна, энэ төр засгийнхан. Ийм дампуу бодлогынхоо оронд ажлын байрыг нэмэгдүүлэлдээ. Иргэдээс татвараа авахаа л гол бодлого болгож, НӨАТ-ын төлөлт бас хотын татварыг авсаар байгаа. Бас цалин авч байгаагийнхаа төлөө татвар төлж байгаа. Энэ мэт татвар авч байгаагийнхаа хариуд иргэд ядаж л эрүүл мэндийн даатгалаараа сэтгэл хангалуун үйлчлүүлчиж чадахгүй л байна шүү дээ.

НӨАТ яахав гэхэд монголчуудын амьдралыг сугалаар шийдэж байгаа олон тохиолдол бий. Иргэн бүрт газар олгож эхэллээ гэж сүр дуулиантай зарласан. Гэтэл удалгүй бас л газар авах иргэдийг сугалаагаар шийдсэн. Хаана, ямар газар авахыг нь хүртэл сугалаагаар шийдэж байна. Бүр болоогүй хүүхдээ цэцэрлэгт өгөхөд хүртэл сугалаа явуулж байгаа. Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжиж эхлэхээр иргэдийн материалыг авч байгаа. Орон сууцанд хэн орохыг ч сугалаагаар шийдэх байх гэж албаныхан хэлж буй. Арай ч дээ. Монголчуудын амьдралыг энэ мэтээр азын шооны нүхээр шийдсээр байх уу. Төр засаг нь төр засаг шиг байсан бол хаана яаж амьдрах, хүүхдээ хэрхэн цэцэрлэгт өгөхөө сугалаагаар шийдэхгүй л байсан байх.

Уг нь монголчууд ажиллаж хөдөлмөрлөж, чадвараараа мөнгөө олж, гэр бүлээ авч явж, хүүхдээ сургууль, цэцэрлэгт өгөх ёстой. Ийм орчныг нь ч бүрдүүлэх учиртай. Гэтэл эрх баригчдын энэ бүгдээс гарах гарц зөвхөн сугалаа байна гэж хэн санах билээ. Мөрийтэй тоглоом шиг амьдралаар биднийг амьдруулж, доромжилж ханахгүй нь бололтой. Эцэс сүүлдээ сугалаанд хожихгүй л бол амьдрал нь дээшлэхгүй мэт сэтгэхүйг хүмүүст суулгаж болохгүй. Тэдэнд ийм эрх ч байхгүй. Алсын зорилго үгүй бол ойрын зовлон оршино гэдэг. Юутай үнэн. Эрх баригчдын ухаангүй бодлогоос болж өнөө бид ингэж хохирч болохгүй гэдгийг сануулъя.

www.tsenzurgui.mn

М.Төр