
Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбатаас ЭЕШ-тай холбоотой дараах мэдээллийг тодруулав.
-Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн суралцагчдад ЭЕШ-д бэлтгэх болон мэргэжлээ сонгох талд нь хэр анхаарч ажиллаж байна вэ?
-Өнгөрсөн долоо хоногоос эхэлж Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчидтай уулзаж, ЭЕШ-тай холбоотой зөвлөгөөг хүргэж байна. Тухайлбал, ЭЕШ-даа яаж бүртгүүлэх, ямар материал бүрдүүлэх, түүнчлэн хичээл болон мэргэжил сонголтдоо хэрхэн анхаарах вэ гэх зэрэг зөвлөгөөг өгч байгаа юм.
-Энэ жил ЕБС-ийг хэчнээн хүүхэд төгсч, хэчнээн сурагч шалгалт өгөхөөр байна вэ?
-Ерөнхий боловсролын тогтолцоо арванхоёрдугаар анги руу шилжсэнтэй холбоотойгоор 2015-2016 оны хичээлийн жилд 36 мянга 207 хүүхэд төгсч байна. Сүүлийн 3-4 жилийн дунджийг харвал өмнө төгссөн 3-4 мянга орчим элсэгч бүртгүүлж нэмж шалгалт өгдөг. Тэгэхээр энэ жилийн хувьд ойролцоогоор 40 орчим мянган хүн ЭЕШ өгөх тооцоо байна. Энэ жил Монгол хэлний тухай хуулийг баталсантай холбоотойгоор монгол хэлний хичээл шалгалтын 25 хувь нь байхаар болсон. Тэгэхээр монгол бичгийн даалгавар өмнөх үеэсээ арай нэмэгдэнэ гэсэн үг. Монгол хэл, бичгийн шалгалтын авсан оноог баталгаажуулж, батламж хуудсыг ЭЕШ-ийн батламж хуудаснаас тусад нь хэвлэж өгөхөөр ярилцаж байгаа. Зургадугаар сарын 15-нд монгол хэл, бичгийн шалгалтыг аваад шалгуулагч хэдэн ч оноо авсан тэр оноог батламж хуудас дээр гаргаснаар оноог нь үндэслээд их дээд сургуулиуд элсэлтээ авах ёстой.
-Өнгөрсөн жил монгол, хэл бичгийн шалгалтдаа тэнцээгүй хэчнээн хүүхэд байв?
-20 мянга орчим хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Үүнээс 500 орчим нь монгол хэл, бичгийн босго оноог даваагүй гэх шалтгаанаар ЭЕШ-д ороогүй. Бусад нь ямар ч асуудалгүй шалгалтаа өгсөн.
-Монгол хэл, бичгийн шалгалтдаа тэнцээгүй хүүхдүүдийн бүртгэлийн хураамжийг эргүүлэн олгосон уу?
-Монгол хэл, бичгийн шалгалтад ороод босго оноогоо даваагүй ч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байсан хүүхдүүдийн бүртгэлийн хураамжийн мөнгийг буцааж олгосон. ЭЕШ-ын онлайн бүртгэлийн хугацаанд бүртгүүлчихээд ямар нэгэн шалтгаанаар шалгалтаа өгч чадахгүйд хүрвэл шалгалтын бүртгэлийн хураамжийг эргүүлэн олгож бүртгэлийг цуцалдаг журамтай. Харин бүртгэл болон ЭЕШ дууссаны дараа шалгалтдаа ороогүй тохиолдолд хураамжийн мөнгийг буцаан олгохгүй. Учир нь, бүртгүүлсэн хүүхдийн тоогоор материал бэлдчихсэн байдаг.
Ц.Заяа
http://www.unen.mn/