Хэрхэн ууц хөндөх вэ?

 

Ууц таллахад эхлээд зүүн гараараа харцаганаас цэмцгэрхэн түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчимд голд нь нэг, дараа нь олон яс уулзах хавиас эхлэн өөрийн зүг харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав, гурав эсгэнэ. Дараа нь сүүлийн бөгтрөг орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж аваад харцага талын ирмэгний мах, өөхний нийлэх орчмын хоёр талаас бяцхан хоёр хэсгийг халимлан авч толгой, сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн “гал голомтын хувь” гэж тусгай тавина.

Ууцаа хөндөж гүйцээд, таллахдаа ууцны хоёр талаас ээлжлэн таллаж, өөрийн хувь болгон амсана. Дараа нь түрүүчийн адил ууцныхаа хоёр талаас нижгээд таллан авч, гэрийн эзэн болон түүний удаах хүнд “ууцны тал буюу хишиг” хэмээн хэлж, бүтэн бүтнээр нь хоёр гараараа сунган барьж өгнө. Ингээд ууцныхаа хоёр талаас ээлжлэн адил тоотой таллаж аваад жижиглэж бүх хүмүүст амсуулна. Харин ууц таллахдаа харцаганы хоёр хажуугийн сэртэн яснаас дотогш ортол таллахыг цээрлэнэ.

www.ugiinbichig.mn