Оюутнууд автобусны картаа алга болгосон бол төрийн үйлчилгээний нэгдсэн төвд захиална

 

Оюутны автобусанд үйлчлүүлэх смарт картны дахин захиалга болон смарт карт хэзээнээс үйлчлэх талаар нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Н.Цоггэрэлээс тодрууллаа.

-Автобусанд үнэгүй зорчих смарт картаа алга болгосон их, дээд сургуулийн оюутнууд картныхаа дахин захиалгыг хаана өгөх вэ?

-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11 тоот тогтоолоор их дээд сургууль, коллежуудын оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам өнгөрсөн оны аравдугаар сарын 22-нд батлагдсан. Энэ журмын 3.1.6-д оюутан цахим төлбөрийн картаа хаяж гээгдүүлсэн тохиолдолд нэн даруй тухайн картыг олгосон байгууллагад мэдэгдэж, үрэгдүүлсэн картыг бүртгэлээс хасуулж дахин нэг удаа шинэ карт авах эрхтэй гэж заасан байдаг. Бид их дээд сургуулиудад оюутны смарт карт дахин захиалах талаарх мэдээлэл өгсөн. Хэрвээ оюутнууд картаа алга болгосон бол Дүнжингарав худалдааны төвийн хоёрдугаар давхарт байрлах төрийн үйлчилгээний нэгдсэн төвд очиж захиалах боломжтой.

-Оюутны смарт карт захиалахад хураамж авах уу?

-Тухайн оюутан смарт картаа захиалахын тулд 3600 төгрөгийн хураамж өгөх ёстой. Төрийн банкинд мөнгөө тушааж, мөнгө тушаасан баримтаа авч ирэхэд болно.

-Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ. Хуучин цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар гэдэг байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Автобусанд үнэгүй зорчих смарт карт захиалахын тулд тухайн оюутан иргэний үнэмлэх, оюутны үнэмлэхээ авчрах хэрэгтэй. 

-Хэрвээ тухайн оюутан мөнгөө тушаагаад бүртгүүлчихвэл автобусанд зорчих смарт картаа шууд авах уу?

-Тэгнэ. Хэрвээ тухайн оюутан мөнгө төлөөд, холбогдох бичиг баримтаа бүрдүүлсэн бол картыг нь шууд өгч байгаа. 

-Өвлийн амралтыг тохиолдуулан их дээд сургуулийн оюутны смарт картны эрхийг түр хугацаанд зогсоосон байгаа шүү дээ. Смарт картаар зорчих эрхийг хэзээ сэргээх вэ?

-НИТХ-ын 11 тоот тогтоолыг үндэслэн нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж буй их дээд сургууль, коллежуудын оюутны өвлийн амралтын хуваарийн дагуу цахим төлбөрийн картыг энэ оны нэгдүгээр сард амарч буй их, дээд сургуулийг нэгдүгээр сарын 11-31 хүртэл хаах, хоёрдугаар сард амарсан сургуулийн оюутны картыг хоёрдугаар сарын 1-21 хүртэл хаахаар болсон. Тэгэхээр нэг сард амарсан сургуулийн оюутнуудын смарт карт энэ сарын 1-нд идэвжиж, автобусаар үнэгүй зорчих боломжтой болно.

Эх сурвалж: www.mminfo.mn

Н.Батзаяа