Мэргэжлийн ёс зүйн 15 бичигдээгүй дүрэм

Шинэ жилүүд эхэлжээ. Хэрвээ чи танилын хүрээ өргөнтэй, сошиал эвентүүдэд тогтмол оролцдог, нийгмийн идэвхтэй нэгэн бол жилийн энэ үед бүр ч олон урилганд дарагддаг байх. Боломжийг ашиглан харилцагчид, сайн танилуудтайгаа холбоогоо улам сайжруулж, ирэх жилийн хамтын ажиллагааныхаа эхлэлийг тавих нь чиний зорилго мөн. Таньдаг, таньдаггүй олон хүмүүстэй уулзах учраас бизнесийн ёс зүй, этикийн тухай гарын доорх хэдэн зөвлөгөө хэрэг болно гэж бодож байна.

 

1. Хэн нэгэн таныг танилцуулах үед босож зогсоорой. Энэ нь таны төрүүлэх анхны сэтгэгдлийг илүү сайжруулах болно.
2. Өөрийгөө танилцуулах үедээ заавал бүтэн нэрээ хэлж байгаарай. 
3. Хэрвээ чи нөгөө хүнээсээ илүү албан тушаалтай эсвэл тухайн хүлээн авалтын зохион байгуулагч бол танилцаж байгаа хүнтэйгээ өөрөө санаачилж гар барь. Гар барихын ач холбогдлыг бүү дутуу үнэлээрэй. Энэ бол бизнесийн албан ёсны мэндчилгээ. 
4. Яриан дундуур нэгээс хоёр удаа л “баярлалаа” гэж хэлээрэй. Хэрвээ энэ үгийн хэрэглээг ихдүүлвэл нөлөө нь багасаж, өөрөө юу ч чадахгүй эсхүл бусдаас хэт их тусламж авдаг хүн шиг сэтгэгдэл төрүүлж болзошгүй байдаг. Тэр хүн таныг танихгүй шүү дээ. 
5. Уулзалтын үеэр гар утсаа халаасандаа хийгээд март. Байн байн гаргаж ирэх нь бүдүүлэг хэрэг. 
6. LinkedIn-ий профайл дээрээ далайн эрэг дээр хэвтэж байгаа зургаас илүү өөрийнхөө албан ёсны, мэргэжлийн зургаа тавиарай. Ямар нэг бизнесийн зорилготой уулзалтын танилцуулганд ч бас. Хэдийгээр хуучинсаг зүйл ч гэлээ, чөлөөт зурагтай хүнийг бусад хүмүүс тийм ч чадварлаг, мундаг гэсэн сэтгэгдлээр хүлээж авдаггүй. 
7. Хэрвээ хэн нэгний нэрийг мартчихвал, үүнийгээ хүлээн зөвшөөр. Тийм ч сүртэй зүйл биш шүү дээ. “Уучлаарай, би хүний нэр цээжлэхдээ маруухан л даа. Таныг хэн гэлээ?” 
8. Ажлын байран дээрээ тааралдаж байгаа хүмүүстэйгээ аль болохоор мэндэлж эсвэл эелдгээр толгой дохин өнгөрч байгаарай. Танихгүй хүмүүстэйгээ ч бас. 
9. Хэн нэгний талаар онцгойлон ярих гэж байгаа бол хэзээ ч дан ганц долоовор хуруугаараа зааж ярьж болохгүй. Энэ нь хэтэрхий түрэмгий, ямар нэг зүйлд буруутгаад байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Үүний оронд долоовор, дунд хуруугаа нийлүүлэх юм уу, алгаа дэлгэж бүх хуруунуудаа нийлүүлэн зааж яриарай. 
10. Бизнесийн зорилготой оройн хоолны дараа үлдэгдэл хоолоо савлуулж авч явах нь тийм ч зохистой биш байдаг. Чиний гол зорилго бол “ажлаа амжуулах” шүү дээ. 
11. Бизнесийн зорилготой зоогонд урьсан хүн нь бүх төлбөрийг даах ёстой. Энэ тохиолдолд хүйс хамаарахгүй. Хэрвээ төлбөрийн хуудас ирэхэд хэн нэгэн өрсөөд төлчих вий, эсвэл хэн нь төлөх тухай тааламжгүй яриа үүсэх вий гэж эмээж байвал хоолоо идэж дуусаад зоогийн ширээнээс босож текэн дээр очоод тооцоог нь хийгээрэй. 
12. Зочдоосоо илүү том порцтой эсвэл илүү үнэтэй хоол захиалаад хэрэггүй. Тэдэнтэй ижил түвшнээс ярилцахын тулд ижил түвшний хоол захиалах нь зүйтэй. Ярианд хоол хамаагүй юм шиг санагдах ч, чи тэдэнд онгироод байгаа мэт эвгүй сэтгэгдэл төрүүлэх болно. 
13. Бизнесийн зорилготой зоог, үдэшлэг дээр хэзээ ч хэтрүүлэн ууж болохгүй. Үүнд тайлбар хийгээд хэрэггүй байх. 
14. “Сурчихсан зан” байсан ч хоолоо идэж дуусаад аяга тавгийг нь цэгцлээд байж болохгүй. Үүний оронд зөөгчийг дуудаарай. 
15. Энэ бүхнийг баримтлахынхаа хажуугаар өөрийнхөөрөө бас хөгжилтэй байхыг мартаж болохгүй. Хүндхэн яриануудыг хөнгөлөхийн тулд л бизнесийн үдэшлэг, хүлээн авалт, оройн зоогуудыг оффис дээр биш гадуур зохион байгуулдаг юм.

Эдгээр наад захын этик нь уур амьсгалыг “назгай” биш “мэргэжлийн” болгож цэгцлэн чиний төрүүлэх анхны сэтгэгдлийг өргөх болно. Мэдээж чи хүсэхгүй эсвэл энэ нь чамайг хэт хайрцаглаад байгаа юм шиг санагдвал дагахгүй байж болно. Гэхдээ бусад хүмүүс чам шиг сэтгэлгээтэй биш байвал чи хайран бизнесийн боломжоо үгүй хийчих ч юм билүү? Заримдаа бид цаанаасаа тогтсон зүйлсэд баригдах шаардлагатай болдог.

 

www.goolingoo.mn