Өнөөдөр Хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдөр

НҮБ-ын хүүхдийн эрхийн конивенцид нэгдсэн  улс орнууд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ныг “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх” дэлхийн өдөр хэмээн тэмдэглэдэг. Хамгийн анх АНУ-д 1998 оны дөрөвдүгээр сарын 30-нд “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя!” уриан дор тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2001 оноос эхлэн дэлхийн бусад улс орнууд “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя” олон улсын өдөр болгон дэлхий нийтээрээ тэмдэглэгдэг болжээ. Тэмдэглэлт өдрийн хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагаа нь хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж, эцэг эхчүүд хүүхдээ зодож шийтгэлгүйгээр хүмүүжүүлэх талаар хэлэлцэж, бусад үйл ажиллагааг зохион байгуулдаг аж.

Монголд энэ өдрийг 2008 оноос Хүүхдийг ивээх сангаас санаачлан Хүүхдийг зодож шийтгэхгүй байх өдрийн хүрээнд хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах болжээ. Өнөөдөр таны хүүхдэдээ өмнөх өдрүүдээсээ илүү анхаарал халамжийг мэдрүүлэх өдөр,  хүүхдийн хөгжил хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэхүйц тоглоом наадгай авч өгөх, дуртай хоолыг нь хийж өгөх өдөр, бас түүний үгийг сонсох, чин сэтгэлээсээ ярилцах өдөр, хамгийн гол нь зорилгоо биелүүлэхийн нэр болсон үр хүүхдийнхээ мөн чанарыг эргэж нэг тунгаах өдөр. Гэвч зөвхөн өнөөдөр л яриад өнгөрөх биш хүүхдүүдээ хайрлан хүмүүжүүлэх нь зүйн хэрэг. Учир нь хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг гэдэг шүү дээ.

 

С.НАРАН