
Монгол Улсын иргэн “А” 2006 оны 10 дугаар сарын 19-нд Малайзид бусдад хөнөөгджээ. Түүнийг хороосон цагдаагийн тусгай бүлгийн ажилтан Сирул мэдүүлэхдээ “хятад эмэгтэй өвдөг сөхөрч, амь гуйж, хөл хүндтэй гэж байсан” гэжээ. Энэхүү гэмт хэргийн ард Малайзийн нөлөө бүхий зарим улс төрч, нийгэмд танигдсан хүмүүс байдаг гэсэн таамаглал хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдсаар байдаг, аллага нь онцгой зэрлэг байсан зэргийн улмаас асуудал нь Малайзийн олон нийтийн анхаарлын төвд одоо хүртэл байж, тус орны дотоодын улс төрийн эмзэг нэгэн сэдэв болжээ. “А” нь Багинда-тай уулзахаар дээрх өдрийн орой яваад буудалдаа эргэж ирээгүй байна. Иймд А-тай хамт Малайзид очсон нөхөд нь Малайзийн цагдаагийн газарт 10 дугаар сарын 21-нд мэдэгджээ. Багинда 10 дугаар сарын 24-нд цагдаагийн газарт мөн өөрийг нь “А”-ийн найз нь дарамталж буй тухай гомдлыг хүргүүлсэн байна. Цагдаа нар Багиндаг байцааснаар цагдаагийн тусгай бүлгийн ажилтан Азилахын нэрийг мэджээ. Малайзийн тал хэргийн сэжигтнээр 11 дүгээр сарын 4-нд цагдаагийн гурван ажилтан, 11 дүгээр сарын 7-нд Багинда-г тус тус саатуулж, тэдгээрт Монголын иргэнийг хөнөөсөн гэдэг ялыг тулгажээ. Абдул Разак Багинда нь боловсролтой, олон танилтай, Давосын эдийн засгийн форумын гишүүн, батлан хамгаалах коллежийн багш, Охфордын их сургуулийн докторантур, Малайзийн тухайн үеийн ерөнхий сайдын орлогч Нажиб Разак Абдула-г батлан хамгаалахын сайд байхаас нь итгэмжлэгдсэн нэгэн байжээ.
Малайзийн прокурор Багиндаг түүнээс мөнгө нэхсэний улмаас Монголын иргэнийг алах хүсэлт гаргасан гэж үзсэн байна. Багинда-гийн мэдүүлгээс дараах байдлыг харж болно. Үүнд: тэрээр А-тай 2004 оны сүүлчээр Гонконгт танилцсанаар хувийн холбоотой байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, 2005 онд Шанхай, Куала Лумпур, Испани, Парист уулзаж байсан, түүнийг Мина гэж дууддаг, гэвч хойш 2006 оны 4 дүгээр сараас харилцаагаа таслахаар шийдсэн аж. “А” нь Малайзид 2006 оны 8 болон 10 дугаар сард ирж, Багинда-тай уулзахыг оролдсон боловч, тэрээр зайлсхийж, хувийн мөрдөгч П.Баласубгаманиамыг хөлсөлж, Нажибын туслах-хиа Муса Сафри-д хандан цагдаагийн хамгаалалт гаргахыг гуйсан. Муса Малайзийн цагдаагийн тусгай бүлгийн тасгийн дарга Азилахыг танилцуулсан. Багинда Азилах-д А-ийн буусан зочид буудлын болон өөрийнхөө гэрийн хаягийг өгч, Азилах нь утсаар “өмнө нь 6-7 хүн алж байсан тул ганц эмэгтэй юу ч биш, асуудлыг зохицуулж чадна” гэж хэлж байжээ. 10 дугаар сарын 19-нд Багинда гэрийн гадаа А ирсэнийг Бала Багиндад дуулгаж, тэрээр Азилахад мэдэгдсэн байна. Маргааш нь Азилах Багинда-д “энэ шөнө та тайван нойрсож болно” гэж утсаар хэлжээ. Багинда ерөнхий сайдын орлогчийн өрөөнд Муса-тай уулзаж, түүнээс “А”-г хэрхэснийг асуусахад Муса өөрт нь Азилах мэдээлэл өгөөгүй байна гэж байжээ. Малайзийн цагдаагийн тусгай бүлгийн үндсэн үүргийн нэг нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, өндөр албан тушаалтныг хамгаалах явдал, иймд Ерөнхий сайдын ажлын албатай ажлын нягт холбоотой байдаг байна. Шүүгч Сегара Багиндагийн өвчний учир саатуулах байрнаас суллах хүсэлтийг няцааж, яллагдагч Ерөнхий сайдын орлогчийг эвгүй байдалд оруулах уур амьсгал бүрэлдүүлэх хэрэггүй, хэрэв талийгаач түүнийг дарамталж байсан бол заавал ерөнхий сайдын орлогчид биш цагдаад хандаж болох байсан, улмаар түүнийг яллаж, нутагт нь буцааж болох байсан, тэгвэл тэрээр алагдахгүй байсан гэж хэлж байжээ. Шүүхээс Багинда Азилах нар 2006.10.14-11.07 хүртэл гар утсаар харилцаж байсныг тогтоосон байна.
2008 оны 3 дугаар сард Малайзийн парламентын ээлжит сонгууль болжээ. Сонгуулийн өмнө Малайзийн ерөнхий сайд Абдулла Ахмад Бавади “А”-ийн асуудлаар малайзийн олон нийтэд хандан “хуулийн дээр хэн ч байх ёсгүй”, сөрөг хүчний удирдагч Анвар уг хэргийг шударгаар шийдвэрлэх нь Абдуллагийн хувьд удирдлагын цэвэр тунгалаг байдлын сорилт болно гэж тус тус мэдэгдэж байв.Сонгуульд эрх баригч эвсэл Үндэсний фронт үлэмж ялагдал хүлээж, парламентын 222 суудлын 198-ыг эзэмшиж байснаас дөнгөж 140-тэй үлджээ. Сөрөг эвсэл 21 суудлаа 80 болгож нэмэгдүүлсэн байна. Үндэсний фронтыг бүрдүүлэгч гол нам болох Нэгдсэн Малайзчуудын үндэсний байгууллага (НМҮБ) 101 суудлаас 79 суудалтай болсон байна. Иймд Малайзийн ерөнхий сайд бөгөөд НМҮБ-ын дарга Абдулла огцрохоо мэдэгдэж, өөрийн залгамжлагчаар Нажибыг нэрэлжээ. Ингэснээр Монголын иргэний амийг хөнөөсөн асуудлыг Нажибтай холбох сурталчилгааг Малайзийн сөрөг хүчин идэвхжүүлсэн байна. “А”-ийн гэр бүлийг төлөөлж өмгөөлөгчөөр Малайзийн хуульч Карпарал Сингх ажилласан бөгөөд тэрээр Малайзийн парламентын гишүүн, 2004 оноос малайзийн сөрөг хүчний нэг нам болох Малайзийн ардчилсан үйл ажиллаагааны намын даргаар ажиллаж байв. 2014 онд тэрээр автомашины ослын улмаас нас баржээ. Малайзийн ардчилсан үйл ажиллаагааны нам нь парламентэд 38 суудалтай, Малайзийн хоёр мужид засгийн эрхийг барьдаг байна. 2008.7.22-нд өмгөөлөгч Карпал Сингх дөрвөн хүнийг тухайлбал Нажиб, туслах Муса, хувийн мөрдөгч Бала нарыг гэрчээр дуудахыг санал болгосон боловч, шүүхээс “зөвхөн оролцогч талууд тухайлбал прокурор, шүүгч нар ийм санал тавих эрхтэй” хэмээн няцаасан.
Малайзийн сөрөг хүчнийг дэмжигч “Malaysia Today” хэмээх мэдээллийн сайтыг ажиллуулдаг Ража Петра Камарудин Нажибын эхнэр Росма, цагдаагийн дэд хурандаа Азиз Буян түүний гэр бүл Росмагийн туслах Норхаяати нар А-г хөнөөсөн газарт 10 дугаар сарын 19-нд очсон, Азиз нь тэсрэх бодисын мэрэгжилтэн хэмээн 2008 оны 6 дугаар сарын 18-нд бичсэн нь олныг үлэмж шуугиулжээ. Энэ нь Нажибыг А-ийн аллагад шууд холбосон анхны оролдлого байв. Азиз, Норхаяати нар Ражаг гүтгэсэн хэмээн шүүхэд гомдол мэдүүлж, нэг сая малайз рингин нэхэж, уучлал гуйхыг шаардсан. Иймд Ража мэдэгдлээ үгүйсгэсэн ярилцлага өгчээ. Малайзийн иргэний хөдөлгөөн нь уг ярилцлагыг цензурдэн өөрчилж, Саравакт болох мужийн сонгуулийн өмнө Нажибыг дэмжих үүднээс хувиргасан гэж эсэргүүцэл илэрхийлжээ. Ража дахин буцаж, эхний мэдэгдэлээ үнэн, Росмаг аллагын газарт очсон гэж буруутгаагүй, зөвхөн түүнд “найдвартай эх булгаас” ярьсаныг л мэдээлсэн гэж зөөлрүүлжээ. Ража Британид гарч одоо Манчестерт амьдарч байна. Нажиб Ража-гийн мэдэгдлийг ул үндэсгүй хэмээн няцаажээ.
Хувийн мөрдөгч Бала 2008 оны 7 дугаар сарын 1-нд нэгэн мэдэгдэл хийж, Багинда баривчлагдахын өглөө Ерөнхий сайдын орлогчоос ирүүлсэн “өнөөдөр 11 цагт би цагдаагийн даргатай уулзана...асуудлыг зохицуулна...тайван бай” гэсэн гар утасны мессеж өөрт нь болон өмгөөлөгчид үзүүүлж байсан, Багинда, Нажиб “А” нар холбоотой, тэд гурвуул Парист зоогонд хамт орж байсан гэж ярьсан, аллагын өмнөх өдөр Нажибын зөвлөх Насир Сафар хөх Протон машинаар Багиндагийн гэрийн гадаа байсан гэжээ. Гэвч Бала мэдэгдлээ сөрөг хүчний удирдагч Анварын хамт хэвлэлийн бага хурал дээр хийсэн тул энэ нь сөрөг хүчний захиалгаар хийгдсэн гэж ажиглагчид үзсэн байна. Гэтэл маргааш нь Бала энэхүү мэдэгдлээ үгүйсгэсэн, Нажибыг “А”-гийн аллагад холбосон бүхий л хэсгийг хассан хоёр дахь мэдэгдлээ гаргасан байна. Энэхүү мэдэгдлийг Бала бусдын сүрдүүлгээр хийсэн гэж сөрөг хүчин үзжээ. Удалгүй Бала ч өөрөө заналхийллийн улмаас хоёр дахь мэдүүлгийг уншилгүй гарын үсэг зурсан, Нажибын дүү Назим, Нажибын гэр бүлийн найз хивсний наймаачин Дийпак Жайкишан нар түүнийг эхний мэдэгдлээсээ татгалзахыг ятгаж, 5 сая малайз рингин амалсан, эхний мэдэгдэл маань үнэн гэжээ. Эдгээр мэдэгдлээ хийгээд Бала гэр бүлийн хамт сураггүй болсон тул Малайзийн тал Интерполд хандан Бала-г олж өгөхийг хүсч байв. Сөрөг хүчний удирдагч Анвар Малайзийн эрх баригчдад хандаж Бала-гийн мэдэгдэлд дурдсан зүйлсийг нягтлахыг хүсчээ. Бала 2009 оны 10 дугаар сард л ил гарч, Сингапурт байгаагаа мэдэгдсэн бөгөөд Малайзийн сөрөг хүчинд үйлчилж, Нажиб, Росна нар А-ийн хэрэгт холбоотой талаар байнгын ярилцлага өгч иржээ. Малайзийн авилгын эсрэг комиссын төлөөлөгчид Бала-тай Сингапурт уулзаж, “А”-ийн аллагын талаар мэдүүлэг авахыг хүссэн боловч тэрээр татгалзаж иржээ. Малайзийн авилгын эсрэг комисс Балатай харилцсан бүхий л захидлыг төрийн нууц хэмээн дэлгэхээс татгалзсан байна. Бала 2013 оны 3 дугаар сард өвчний учир нас нөгцжээ. Бала-гийн ярьсан Нажиб цагдаагийн даргатай уулзах гэж буй талаарх мессежны талаар Малайзийн Цагдаагийн ерөнхий газрын дарга байсан Муса Хассан мэдэгдэхдээ мөн өдөр тэр цагт Нажибтай уулзсан гэдгийг нотлоод, гэхдээ Багинда-г саатуулах гэж буйг мэдээлсэн, тэрээр хөндлөнгөөс саад хийх гэж оролдоогүй, “гүйцэтгэ” гэж хэлсэн гэжээ. Хассан мэдэгдэхдээ Малайзийн ерөнхий сайд Абдулла 2007 онд түүнийг дуудаж, “А”-ийн аллагын хэрэгт Нажиб холбоотой эсэхийг асууж байсан, мөрдөх явцад холбоогүй нь тогтоогдсон тул үгүй гэдэг хариултыг өгч байсан гэжээ. Хассан Бала-гийн мэдэгдлийн агуулгыг өөр байгууллага хариуцна, би зөвхөн хүн амины хэрэгт л төвлөрч байсан гэсэн байна. Малайзийн цагдаагийн ерөнхий газрын даргаар Муса Хасан нь 2006 оны 9 дүгээр сард томилогдсон, дотоодын хуулиар 2007 оны 9 дүгээр сард чөлөөндөө гарах ёстой боловч, Нажиб Ерөнхий сайд болсоныхоо дараа түүнийг “чадварлаг” тул 2009 оны 9 дүгээр сар хүртэл дахин хоёр жил сунгаж ажиллуулан, тэрээр 2010 оны 3 дугаар сард л ажлаа өгсөн байна. Чөлөөнд гарсаны дараа Муса Хассан нь хүн амины хэргийн жинхэнэ сэдлийг зөвхөн гол сэжигтэн л мэднэ гэж мэдэгдсэнээр Багиндаг тойруу замаар заах болсоныг Малайзийн хэвлэлд тэмдэглэх болжээ.
Дийпак Жайкишан 2012 оны сүүлчээр хэвлэлийн хэд хэдэн бага хурал хийлгэж Бала-гийн эхний мэдэгдлийг цуцлахад оролцсон эсэхээ тайлбарлажээ. Тэрээр Нажиб, Росма нар эхний мэдэгдлийг дарахыг чиглэл болгосон, Нажибын дүү Назим Бала-д ихээхэн төлбөр өгсөн, Бала-гийн хоёр дахь мэдэгдлийг Малайзийн хуулийн Зул Рафик хэмээх компани Назимын захиалгаар хийсэн гэжээ. Дийпак нь Малайзийн эрх баригч нам НМҮБ-тай газрын маргааны улмаас шүүхэд зарга үүсгэсэн тул түүнийг сөрөг хүчинд ашигтай мэдэгдэл хийх болсон гэж үздэг. Тэргүүн хатагтай Росма Дийпакийн ярилцлага, мэдэгдлийг гүтгэлэг хэмээн 2013 оны 3 дугаар сарын 19-нд няцаасан байна.
Малайзийн 2008 оны сонгуулийн дараа, мөн Нажиб ерөнхий сайдад өрсөлдөхийн өмнөхөн Малайзийн дээд шүүхээс хүн амины хэрэгт Багиндаг холбогдолгүй гэсэн шийдвэрийг 2008.10.31-нд гаргаж сулласан юм. Малайзийн прокурор энэхүү шийдвэрийг давж заалдана гэж мэдэгдсэн боловч орхижээ. Уг шийдвэрийг эсэргүүцсэн сөрөг хүчний мэдэгдлийг Малайзийн шүүхээс хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн улс төрийн оролдлого хэмээн няцаажээ. Нажиб 2008.11.2-нд НМҮБ-ын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж, ерөнхий сайд асан Махатирын хүчтэй дэмжлэгээр нэг ч өрсөлдөгчгүйгээр 2009.3.26-нд сонгогджээ. Сөрөг хүчний удирдагч Анвар хэлэхдээ “Багинда-г сулласан нь уг хэргийг мөрдөж байгаа арга замын талаар буй эргэлзээг улам гүнзгийрүүллээ, ер нь хэргийг дарагдуулах гэсэн сэдэл байна” гэжээ. Малайзийн дээд шүүх А-г хөнөөсөн Азилах, Сирул нарыг цаазаар авах ялыг хэвээр үлдээсэн шийдвэрийг 2915.01.15-нд гаргасаны дараа Багинда анх удаа 2015.01.29-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “А-ийн хэрэг нь хэдэн сахилгагүй цагдаа нарын үйлдсэн хүн амины хэргээс хэтрэхгүй, цагдаа нар дээрээс өгсөн зааваргүйгээр үүнийг хийж чадахгүй гэж боддог хэсэг хүмүүс байдаг бололтой, гэвч цагдаа нарын гарт хэдэн хүн амиа алдлаа даа” хэмээн цагдаа нарыг буруутгажээ. Тэрээр мөн “эрх зүйн үүднээс энэхүү асуудал шийдвэрлэгдлээ”, “хэрэгт Нажиб ямар холбогдолгүй, А нь шумбагч завины асуудалд орчуулагчаар оролцоогүй, 500 мянган доллар надаас нэхээгүй, хэн энэ тоог гаргаж тавьсаныг мэдэхгүй, А-гийн асуудал зөвхөн бидний хоорондын хувийн харилцааных “ гэж ярьжээ. Малайзийн цагдаагийн ерөнхий газрын дарга Тан Бакар “сахилгагүй цагдаа нар” гэсэн Багиндагийн мэдэгдлийг хүлээн авах боломжгүй хэмээн няцаасан байна. Харин Малайзид сууж байсан АНУ-ын элчин сайд Ж.Малотт “”А” нилээд нууц мэдэж байсан биш үү, Багиндагаас “А” нь тантай хамт байхдаа шумбагч завины наймааны талаар хэр мэдээлэл сонссон вэ” гэсэн асуудал 2015.02.15-нд дэвшүүлжээ. Сөрөг хүчнийхэн Багинда-г гол сэжигтнээр тооцож байсан боловч тэр захиалагч биш тул суллагдсан, иймд цаана нь хэн нэг нь байна, ийм ч учраас Багинда Британиас ирэхгүй байна гэж үздэг байна. Гэвч Багиндагийн мэдэгдлийг Малайзийн олон нийт шүүмжилж, сөрөг хүчин түүнийг хэрэгт холбогдолгүй болгосон шүүхийн шийдвэрийг хянан үзэхийг шаарджээ. Гэвч Малайзийн сайд Н.Щука ингэх хангалттай баримт байхгүй гэж мэдэгдсэн байна.
Нажиб 2009.04.02-нд Малайзийн ерөнхий сайдаар томилогдсоны дараа Малайзийн дээд шүүхээс цагдаагийн хоёр ажилтанд “А”-г хөнөөсөн хэмээн цаазаар авах ял оноосон шийдвэрийг 2009.04.09-нд гаргасан байна. Гэвч энэ нь “захиалагчид гэмгүй хоцорлоо”гэсэн дургүйцлийг Малайзийн олон нийтийн дунд хүчтэй төрүүлжээ. Цагдаагийн өмгөөлөгчид Ража, Бала нарыг гэрчээр дуудахыг хүссэн боловч, тэд олдоогүй, иймд холбогдох бүхий л гэрчүүдээс тухайлбал Нажиб, Муса Сафри нараас мэдүүлэг авахыг хүссэн боловч шүүхээс няцаасан байна. 2009.2.3-нд Сирул шүүхэд хандан бусдын төлөвлөгөөг гүйцэлдүүлсэний төлөө цаазаар авах ял өгөхгүй байхыг хүсч, “энэхүү шүүхэд дуудагдаагүй нэр үл мэдэгдэх хүмүүсийг хамгаалахаар золиос” болж буйгаа дурджээ. Малайзийн парламентын 2013 оны 5 дугаар сарын сонгуулиар эрх баригч Үндэсний фронт эвсэл 7 суудлаа алдаж, 133 суудалтай болсон боловч, НМҮБ нь 7 суудал нэмж авсанаар Нажибын байр суурь хэвээр үлджээ. Сонгуулийн дараа 2013.8.23-нд Малайзийн давж заалдах шүүх Сирул, Азилах нарыг “А”-ийн хэрэгт холбогдолгүй гэдэг шийдвэрийг гаргажээ. Энэхүү шийдвэрээ “прокуророос уг хоёр цагдаагийн аллага хийсэн сэдлийн талаар тодорхой үндэслэл гаргаж чадаагүй, Нажибын туслах Муса, Нажиб нарыг нүүрэлдүүлсэн мэдүүлэг авч чадаагүй” гэж тайлбарласан байна. Энэ нь Малайзийн олон нийтийн дургүйцлийг дахин үлэмж төрүүлжээ. Иймд Малайзийн прокуророос дээд шүүхэд давж заалдах эсэргүүцлийг хүргүүлсэнийг 2014.6.23-нд сонссон байна.Малайзийн дээд шүүхээс давж заалдах шүүхийн цаазаар авах ялыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг цуцалж, ялыг хэвээр үлдээсэн шийдвэрийг 2015.01.13-нд гаргажээ. Сирул Австралид 2014 оны 10 дугаар сард хүүгийнхээ хамт иржээ. Сирулийг 2015.1.20-нд Интерполийн хүсэлтийг үндэслэн Брисбейнд Австралийн цагаачлалын албанаас “визний зөрчилтэй” хэмээн саатуулж, улмаар Сиднейн чанд дэглэмтэй саатуулах төвд шилжүүлжээ. Малайзийн ДЯЯ-ны сайд Ван Жаавар Сирулыг эргүүлэн өгөх хүсэлтийг Австралийн талд тавьсан, хэрэв өгөхгүй бол Малайзийн тал Австралийн эсрэг эрх зүйн холбогдох арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн байна. Гэвч Австрали нь дотоодын хуулиар цаазаар авах ялтай орнуудад ялын дээд хэмжээ авсан хэрэгтнийг шилжүүлэхийг хориглодог, Малайзийн тал Сирулыг ялын дээд хэмжээнээс чөлөөлсөн тохиолдолд л шилжүүлэн өгөх боломжтой болох юм. Малайзийн сөрөг хүчний эвсэлд багтдаг Малайзийн лалын намын төлөөлөгч Омар Сирулын ээж, эгч нарыг Австралид авчирч, хорих төвд түүнтэй уулзуулсаныгаа “хүмүүнлэгийн” алхам гэж нэрэлжээ. Сирулын эх нь Австралийн эрх баригчдад хандан хүүгээ хамгаалалтандаа байлгахыг уриалсан юм. Сирулын хүү Шук фейсбуук-ээр “Хэрэв би хэвлэлд ярилцлага өгвөл Малайз сүйрнэ, Ерөнхий сайд бас унана” гэж мэдэгдсэн боловч удалгүй хаягийг нь арилгасан байна. Сирул Австралид саатуулах төвөөс Малайзийн нэгэн мэдээллийн хэрэгсэлд утсаар өгсөн мэдэгдэлдээ “Би тушаал л гүйцэтгэсэн, харин алах сэдлийг сэдсэн дээгүүр хүмүүс чөлөөтэй байна, түүний дарга болон Нажибын туслах Муса Сафри нар шүүхэд мэдүүлэг өгөх ёстой” гэжээ. Сирул хэргийн талаар томоохон ярилцлага Малайзийн хэвлэлд өгөхийг зөвшөөрснөө дараа нь түдгэлзжээ. Австралийн цагаачлалын хэргийн сайдын бие төлөөлөгчийн мэдэгдсэнээр хорих төвөөс ярилцлага өгөхийг гүйцэтгэх ажлын ашиг сонирхолын үүднээс сайшаахгүй бөгөөд гэхдээ тодорхой шаардлага хангагдсаны дараа ирээдүйд ийм ярилцлага өгүүлэхийг үгүйсгэхгүй гэжээ. Нажиб Сирулын дээрх мэдэгдлийг няцааж, “ямар ч үндэслэлгүй” гэж 2015.2.19-нд мэдэгдсэн юм. Малайзийн цагдаагийн дарга байсан Мусса Хассан Сирулын мэдэгдэлтэй холбогдуулан “цагдаагийнхан энэ хэргийг дахин шинээр мөрдөх хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлжээ.
Сирулийн өгсөн мэдүүлгээс дараах дүр зургийг гаргаж болох: түүний шууд захирах дарга болох Азилахад Муса Сафри “эмэгтэй хүний асуудалд орооцолдсон нэг найз нөхөрт” туслах хэрэгтэй“ гэсэн чиглэл өгсөн, “асуудлыг зохицуулвал 50-100 мянган рингиний шагналтай” гэж хэлснээр 2006.10.13-14-ны хавьд тэд “А” болон хамт явсан хоёр найзыг нь буудлын өрөөнд нь хөнөөхөөр очжээ. Гэвч хяналтын дурангууд байсан тул хойшлуулсан, 2006.10.19-ны орой Азилахын дуудсанаар Сирул Багиндагийн гэрийн гадаа очиход гэрийнх нь харуулууд, Бала, “А” болон түүний ирсэн таксины жолооч, Азилахын хамт ирсэн эмэгтэй цагдаа нар байжээ. Алилах, Сирул нар “А”-г авч явсан, зам зуурт гуравдах эмэгтэй цагдаа салсан байна. Зорчигчийг нь хүчээр авч явсан тул таксины жолооч сэжиглэж, тэдний машины дугаарыг цагдаад мэдэгдсэн байжээ. Малайзийн хоёр цагдаад “А”-г хөнөөх ямар нэгэн хувийн сэдэл байсангүй, Сирулд “хятад эмэгтэй” гэсэн ойлголт байснаас хэнийг хөнөөснөө ч мэдэхгүй байжээ. Сирул нэгэнт Азилахын тушаалаар “А”-г хөнөөсөн тул бусдын золиосонд цаазаар авхуулахгүй хэмээн гомдолтой байгаа юм. Харин Азилахын бодлын талаар өмгөөлч Зулкифи нь мэдэгдэхдээ “Азилахаас бусад нь цагаа тулахаар урважээ”, мөн “цагдаагийн онцгой албаны ажилтны хувьд тэрээр дээрээс тушаал авахгүйгээр өөрийн ажилтанд тушаал өгөхгүй” гэсэн байр суурьтай гэжээ. Зулкифи дараа нь сөрөг хүчинд нэгдсэн бөгөөд түүний өмгөөлөлд рокурорын газраас “гуравдагч талыг хамгааласан” байдлаар хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдож байсан гэж мэдэгдэж байв.
Нажиб батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Францаас 2.1 тэрбум ам.доллараар хоёр шумбагч завь авах хэлэлцээрийг 2002 онд, ОХУ-аас 900 сая ам.доллараар сөнөөгч 18 онгоц худалдан авах хэлэлцээр 2003 онд тус тус байгуулсаныг Малайзин сөрөг хүчин “авилга оролцсон” хэмээн шалгахыг шахдаг. Малайзийн БХЯ шумбагч завины наймааны хүрээнд Перимекар компанид 114 сая евро шилжүүлсэнийг 2006 онд хүлээн зөвшөөрч, энэ нь тус компанийн үзүүлсэн “үйлчилгээний” төлбөр гэж байжээ. WiKiLeaks-ын илчилсэнээр АНУ-ын ЭСЯ-наас илгээсэн мэдээнд Перимекар компани нь зөвхөн малайзийн засгийн газарт үйлчлэх зорилготой, Малайзийн БХЯ, Францын компанийн хооронд шумбагч завийг худалдаж авахад зуучилж, ятгасан, энэ ажлаа 2009 оны эцсээр дуусгасан гэж дурджээ. Перимекарын хувьцааны дийлэнхийг Багиндагийн эхнэр эзэмшдэг байна. Малайзийн сөрөг хүчнийг дэмжигч “Suaram” хэмээх хүний эрхийг хамгаалах байгууллагаас мэдэгдэхдээ Перимекар нь ердөө “Scorpenes” шумбагч завь худалдан авах зорилгоор л байгуулагдсан тул 534 сая малайзийн рингин (114 сая евро)-г чухам юунд хэрхэн зарцуулсаныг Засгийн газраас шалгаж тогтоох ёстой гэжээ. Сөрөг хүчний удирдагч Н.Анварын охин парламентэд уг асуудлыг сөхөн үндэсний аюулгүй байдлын энэхүү асуудлаар Нажиб тайлбар өгөх ёстой хэмээн мэдэгдэж байв. Гэвч шумбагч завины наймаанаас авилгал хүртсэн гэх шүүмжлэлийг сөрөг хүчний явуулга хэмээн Нажиб няцааж иржээ. Шумбагч завиудыг 2004-2008 онд Франц, Испанид үйлдвэрлэж, 2009 онд Малайзийн зэвсэглэлд оруулсан байна. Энэхүү ажиллагаанд “А” гэсэн нэртэй хүн ер оролцож байгаагүй, бүхий л яриа хэлцээ Малайзид явагдсан гэдгийг Францын компани, Перимекарын удирдлага баталж, тэгээд ч бүгд англиар ярьдаг байхад орчуулагч угаасаа шаардлагагүй гэдэг нь үндэслэлтэй дуулдаж байгаа юм. “Suaram”-ын мэдэгдсэнээр тус байгууллагын мэдээллийг үндэслэн шумбагч завины наймаанд Франц компаниуд авилга өгсөн эсэхийг Францын прокурорууд дахин шалгаж эхэлсэн, DCNS -ны санхүүгийн албаны даргаас хураасан нэгэн баримт бичгийн дотор “А”-г Багинда-гийн орчуулагч гэж бичсэн байсан, иймд францын мөрдөгчид “А”-г хөнөөсөн хэргийг авилгалын хүрээнд судалж байгаа гэжээ. Энэхүү шалгалт нь францын улс төрчид, бюзнессийнхийг хөндөхөөс биш Малайзийн талыг шалгахгүй ажээ. Нажиб Францад 2000 онд албан ёсоор айлчлахад Багинда хамт явсан бөгөөд Нажиб Францад 2001,2003,2005,2007 онд тус тус очиж байжээ.
Сэтгүүлч Я.Трофимов ”Wall Street Journal” сонины 2007 оны 3 дугаар сарын нэгэн дугаарт “А”-ийн аллага нь Малайзийн дээдэстэй холбогдож буй, уг хэргийг шударгаар шийдвэрлэх нь Малайзийн хувьд нэг ёсны сорилт болох тухай томоохон өгүүллэг нийтэлсэн нь олон улсын анхаарлыг татсан юм. Тус өгүүллэгт бичсэнээр хэргийг нуун дарагдуулах гэсэн оролдлого гарч буй тухайлбал энэхүү асуудлыг хөндсөн Малайзийн таван сэтгүүлчийг эрх баригчид түр саатуулж байсан тухай дурджээ. Сэтгүүлч А.Дубус Францын “Liberation” сонины 2009 оны 3 дугаар сарын нэгэн дугаарт Францаас Малайзид нийлүүлэх шумбагч завины хэлцээнд оролцож байсан Испанийн Armaris компани 114 сая евро-г хэлэлцээр байгуулахад урамшил болгон Багиндагийн Перимекар компанид шилжүүлсэнийг “А” мэдсэн, иймд 500 мянган доллар өгөхгүй бол уг асуудлаар дуугарах болно хэмээсэн гэж бичжээ. Малайзид сууж байсан АНУ-ын элчин сайд Ж.Малотт 2015.2.13-нд “А-г устгахыг хэн тушаав?” гэсэн материалыг нийтэлжээ. Маллот “Нажибын хамгаалалтад ажилладаг хоёр цагдаа албан байраа орхиж, албаны зэвсгээ ашиглан өөрсдөө ч танихгүй нэгэн эмэгтэйг алах сэдэл юу байв гэдгийг малайзчууд асуусаар байна”, “Багинда-гийн мэдэгдлийг үнэмшвэл, Малайзийн ерөнхий сайд, өндөр албан тушаалтнуудыг хамгаалдаг цагдаагийн онцгойхон хяналтгүй -хоолой хэрчдэг алуурчид болж байна уу”, “Тэд яагаад банк тоноогүй, террорист биш, өөрсөнд нь аюул учруулаагүй жирийн нэгэн эмэгтэйг алах болов, Ерөнхий сайдын орлогчийн найз нарыг дарамталсаны төлөө бусдыг цаазалж шийтгэдэг болж байна уу”, “ Багинда-гийн мэдүүлснээр түүнд үнэхээр зөвхөн цагдаагийн хамгаалалт хэрэгтэй байсан бол Муса яагаад ердийн цагдаа нарыг явуулж болоогүй, заавал тусгай хүчний бие хамгаалагч нараас хоёр хүнийг сонгож илгээх болов, эсвэл яагаад цагаачлалын албанаас хүн явуулж А-г саатуулан албадан гаргаж болоогүй юм, Багинда зөвхөн хамгаалалт хүссэн байтал яагаад цагдаа нар А-г хөнөөж, гэрч материалыг устгах зорилгоор шарилыг дэлблэх болов” гэдэг асуудлыг дэвшүүлжээ. Хэргийн талаар зөвхөн 2015 он гарсаар Малайзаас гадна Австрали, Франц, Шинэ Зеландын хэвлэлд өргөнөөр бичжээ. Малайзийг 22 жил удирдаж, хөгжлийн гараанд нь хүргэсэн ерөнхий сайд асан Махатир, Нажибыг огцрохыг 2015.04.04-нд шаардсан нь гэнэтийн явдал болов. Махатир бичихдээ Малайзийг авилгалжсан улс болсон гэж гадна, дотногүй хэлэх болсон нь Нажиб-д итгэхгүй буйг харуулав, удирдагчаа солихгүйгээр дараагийн сонгуульд НМҮБ ялахгүй, улс орны ашиг сонирхолын үүднээс дуугүй сууж чадалгүй ингэж хэлэхэд хүрлээ, Сирул бусдын тушаал гүйцэтгэсэний төлөө яагаад цаазаар авхуулах ёстой гэж, олон нийт тушаал хэн өгсөнийг зүй ёсоор асууж байна, хүний амь настай холбоотой энэхүү хэргийг шинээр мөрдөн шалгах хэрэгтэй гэдэг саналыг дэвшүүлжээ. Гэвч Малайзийн цагдаагийн газар “А”-ийн хэргийг дахин сөхөхгүй, шүүхийн шийдвэр нэгэнт гарсан гэж хариу мэдэгджээ.
Цагдаа нарыг буруутай гэдгийг шүүх тогтоосон боловч, ямар сэдлээр үйлдсэн, хэн мөнгө төлөх байсан, гол гэрчүүдийг шүүхэд ирүүлэхгүй байгаа нь хэргийн сэдлийг далдлах зорилготой гэсэн олон нийтийн хардлагыг улам лавшруулжээ. Энэ нь хэрэгт холбогдсон хүмүүс бүгд Нажибтай холбогдож буйд учир байна гэж Малайзчууд үздэг байна. Харин Нажиб нь Монголын иргэнийг танихгүй, өмнө нь дайралдаж байгаагүй, энэхүү хэрэгт холбогдолгүй гэдгээ мэдэгдсээр иржээ. Сонгууль бүрийн дараа хэргийн сэжигтнүүдийг холбогдолгүй хэмээн суллаж байсан нь эрх баригчдыг ямар нэгэн зүйлийг далдлах гэсэн зорилготой гэсэн хардлагыг нэмэгдүүлж иржээ. Монголын иргэний нууцлаг үхэл нь “дээдэстэй холбоотой” гэсэн ойлголт Малайзийн нийгэмд нэгэнт тогтжээ. Малайзид одоогийн сөрөг хүчин засгийн эрхэнд гарвал хэргийн далд зангилаа тайлагдана гэсэн хүлээлт байдаг байна. Малайзийн үндсэн хуулиар парламентын сонгууль таван жилд нэг удаа болно, хэрэв шаардлагатай бол Ерөнхий сайд хугацаанаас өмнө парламетыг тарааж сонгууль зарлаж болдог. Хугацаагаар бол дараагийн сонгууль 2018 онд болно.
Р.Болд
(Гадаадад зорчиж буй Монгол иргэдийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хичнээн нарийн төвөгтэй болж буйг харуулах зорилгоор гадаадын хэвлэлд гарсан материалыг ашиглан бичив)