
“Дундговь Азарганууд” болон “Мадимос Шонхорууд” багийн хооронд тоглолт боллоо. Б.Мөнхболор эзэнтэй “Дундговь Азарганууд” баг шинэ тоглогчдоор хүчээ зузаатгасан байлаа. Тэдний эгнээнд өнгөрсөн жил Харцага багт тоглож байсан Дорждамба, Золзаяа болон лигийн таван удаагийн аварга, мөн л Харцага багийн шилдгүүдийн нэг ОУХМ Цогтбаатар нар нэгдэв. Ингэснээр Азарганууд багийн бүрэлдэхүүнд хуучин Харцага багт тоглож байсан таван тоглогч нэгдэж байна.
Тоглолт тун гайхалтай өрсөлдөөнтэй өрнөсөн. Шинэ тоглогчдоор цус сэлбэж, хүчирхэгжсэн “Дундговь Азарганууд” баг тоглолтын эхнээс л оноогоор бага зэрэг хошуучилж байсан. Тэднээс легионер тоглогчид болох Andre Brown 22 оноо, 13 самбар, Carldell Johnson 15 оноо, 6 оновчтой дамжуулалт өгсөн бол экс Харцагууд болох Дорждамба 16 оноо, 7 самбар, Болортулга 15 оноо, 13 самбар, туршлагатай тоглогч Цогтбаатар холын 4 шидэлтээ оновчтой болгож, 12 оноо авчээ. Мөн Э.Дөлгөөн 10 оноо, 5 бөмбөг таслалт хийсэн байна.
Харин “Мадимос Шонхорууд” багаас Т.Санчир 39 оноо, 17 самбар авч, 6 оновчтой дамжуулалт өгсөн бол, Darin Mency 14 оноо, Г.Цэнгүүнбаяр 12 оноо, 8 самбар, 5 оновчтой дамжуулалт, А.Гансүх 9 оноо, 6 самбар, Э.Цэрэнбаатар 5 оноо, 10 самбар авчээ.
Тоглолт эцсийн мөчид шийдэгдсэн. Оноог тэнцүүлэх боломжтой байсан довтолгооны төгсгөлд Шонхорууд баг бөмбөг алдалт хийснээр, Азарганууд боломжийг алдалгүй ашигласан. Улмаар 95:91 харьцаатай А.Алтан-Очир дасгалжуулагчтай “Дундговь Азарганууд” баг ялалт байгуулж, улирлын хоёр дахь хожлоо авлаа. Харин “Мадимос Шонхорууд” баг хоёр хожигдол, гурван хожилтойгоор лигийг үргэлжлүүлж байна.